news

"ӨСВӨРИЙН ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН”

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны ивээл дор Монгол Улсын Консерватори, Sikulka хөгжмийн сургууль хамтран 2013 оноос хойш Чехийн нэрт хөгжмийн зохиолч Бедржих Сметанагийн нэрэмжит ӨСВӨРИЙН ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН”-ыг 2 жил тутамд зохион байгуулсаар ирсэн билээ.
Дэлхий нийтэд тархаж буй цар тахлын хүнд үед энэхүү “Sikulka Smetana” IV уралдаанаа цахим хэлбэрээр төгөлдөр хуур хөгжмийг сонгон болон сонирхон суралцагч хүүхдүүдийн дунд 2020 оны 04 сарын 01-нээс 08 сарын 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Энэхүү уралдаан нь БНЧУ-д 1967 оноос зохиогдож эхэлсэн Бедржих Сметанагийн нэрэмжит Олон Улсын А зэрэглэлийн уралдааны албан ёсны хамааралтай урьдчилсан уралдаан болдогоороо онцлогтой.
Уралдааны зорилго нь Сонгодог хөгжмийн арвин их түүхтэй Чех орны сонгодог хөгжмийн гол төлөөлөгч хөгжмийн зохиолч Б.Сметана болон бусад зохиолчдын бүтээлүүдийг хүүхдүүд сурч, тоглож, энэхүү уралдаанд эгшиглүүлсэнээр тухайн орны түүх соёл, ёс заншил, аж амьдралыг таниад зогсохгүй хөгжмөөр нөхөрлөх хамгийн дотно холбоо үүсэх төдийгүй Монголын хүүхдүүдийн хөгжмийн боловсролд бодит хувь нэмэр оруулахад оршино.
“Sikulka Smetana” IV уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 09 сарын 12-ны өдөр /Бямба гаригт/ 14:00 цагаас Монгол Улсын Консерваторийн Концертийн А танхимд болно. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Консерваторийн захирал, МУУГЗ, профессор Ц.Пүрэвхүү, Гадаад харилцаа, төсөлт хөтөлбөрийн албаны дарга Ц.Шаравцэрэн, СХМС-ийн захирал Г.Ганчимэг, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Ийржи Бродский гэргийн хамт, Ерөнхий консул Васлав Добеш нар хүрэлцэн ирж, уралдааны шагналтан хүүхдүүдэд шагнал гардуулах юм.
Мөн тус уралдааны бүх ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагчид Гала тоглолтоо толилуулах болно.
Эрхэм хүндэт сэтгүүлчид та бүхнийг энэхүү уралдааны талаар, бидний гэгээн сайхан үйлсийн талаар олон нийтэд сурталчлан таниулахад гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9999-1201 утаснаас авна уу!