Бидний тухай

Монгол Улсын Консерватори нь бүтцийн 4 дээд сургууль, төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургууль, 4 зөвлөл, 5 алба нэгжтэй, бакалавр, магистр, докторын түвшний 1500 гаруй суралцагсад, 300 гаруй эрдэмтэн багш, ажилтантай, шаталсан сургалтаар мэргэжил эзэмшүүлж, Монголын урлагийн салбарт өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэж буй урлагийн боловсролын эх ундарга сургууль юм.

Монгол Улсын Консерватори нь 80 гаруй жилийн түүхэн хөгжлийнхээ явцад Театрын дэргэдэх Уран сайхны сургуулиас эхлэлтэй, Хөгжимт драматик сургууль, Театр хөгжмийн дунд сургууль, Хөгжим бүжгийн дунд сургууль, Хөгжим бүжгийн коллеж зэрэг нэртэй үйл ажиллагаа явуулж, Монголын урлагийн боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2017 оны 08 сарын 24-ны А/84 тоот тушаалаар зэрэглэл ахиж, Монгол Улсын Консерватори (хөгжмийн дээд боловсролын байгууллага) болсон билээ.

Монгол улсын мэргэжлийн урлагийн салбарын мэргэжлийн боловсон хүчний 70%, зөвхөн мэргэжлийн хөгжимчдийн 87%-ийг манай төгсөгчид эзэлж байгаа нь бидний бахархал юм.

Монгол Улсын Консерватори нь урлагийн дээд боловрол, шинжлэх ухаанд тавигдах шаардлага, үндэсний болон олон улсын шалгуур үзүүлэлт, стандартыг хангахуйц сургалт, судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Захирлын мэндчилгээ

Монгол Улсын Консерваторийн захирал, профессор Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү

БИД ХҮМҮҮНИЙ СЭТГЭЛИЙГ ХӨГЛӨЖ ИТГЭЛИЙГ БАДРААНА...

ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол улсын соёл урлагийн салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлд мэргэжлийн өндөр ур чадвар, боловрол мэдлэг, уран бүтээлч ажлыг дадлыг бүрэн эзэмшсэн хүн төрөлхтөний соёлын өв үнэт зүйлсийн тухай өргөн мэдлэгтэй, олон улсын жишигт нийцсэн дээд боловсролтой тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
АЛСЫН ХАРАА
Соёл урлагийн хөгжилд тэргүүлэх үүрэгтэй даяаршлын нөхцөлд өрсөлдөх чадвартай, үйлчилгээний хүртээмж, чанар нь тогтвортой өсч байх боловсрол, соёл урлагийн сургалтын тогтолцоог бүрдүүлэх

ТҮҮХЭН ТОВЧООН

Ардын хувьсгалын дараа ард түмний соён гэгээрлийн асуудлыг чиглэл зорилготой авч хэрэгжүүлсэн томоохон үйлс бол БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны 04 сарын 10-ны өдрийн 45 дугаар тушаалыг үндэслэн Ардыг гэгээрүүлэх яамны харъяа 1937 оны 10 сарын 01-нд “Театрын дэргэдэх Уран сайхны сургууль” 28 сурагч, 3 ажилтантай, жүжгийн ба хөгжмийн гэсэн хоёр ангитай байгуулагдсан түүхэн үйл явдал юм.
Анх 1937 онд Уран сайхны сургууль нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш 1945 онд Хөгжимт драматик сургууль, 1949 онд Театр хөгжмийн дунд сургууль, 1959 онд Хөгжим бүжгийн дунд сургууль, 1991 онд Хөгжмийн коллеж, 1994 онд Хөгжим бүжгийн сургууль, 1994-2017 онд Хөгжим бүжгийн коллеж нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй.
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2017 оны 08 сарын 24-ны А/84 тоот тушаалаар хөгжмийн боловсролын дээд байгууллага болж, төрөлжсөн сургалттай ЕБС, мэргэжлийн 4 сургуулиас бүрдсэн Монгол Улсын Консерватори болон өргөжин тэлж, үндэсний болон сонгодог хөгжим, ардын ба сонгодог бүжиг, дуурийн дуулаач, уртын дуучин, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, циркийн жүжигчин, багш дасгалжуулагч зэрэг мэргэжлийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргаж байна.
80 гаруй жилийн түүхийн хугацаанд урлагийн боловсролын системийг төлөвшлийг бий болгож, Монголын урлагийн салбарын мэргэжилтэй боловсон хүчний 70 гаруй хувийг, театр чуулгуудын мэргэжлийн хөгжимчдийн 87 хувийг манай төгсөгчид бүрдүүлж байдаг нь бидний бахархал билээ.