Сонгодог хөгжийн мэргэжлийн сургууль - Танилцуулга

Ерөнхий Төгөлдөр Хуурын Тэнхим анх 1968 оны 9-р сарын 1-нд Ерөнхий төгөлдөр хуурын нэгдэл нэртэйгээр байгуулагдсан бөгөөд эдүгээ  Монгол Улсын Консерваторын дуулаач,  утсан хөгжим, үндэсний хөгжим, үлээвэр хөгжим болон бүжиг, циркийн ангийн  оюутан сурагчдад  төгөлдөр хуур хөгжмийн хичээл зааж байна.

Сургалтын үндсэн зорилго нь оюутан сурагчдын төгөлдөр хуур  хөгжим тоглох ур чадвар,  техник арга барилыг сайжруулан хөгжмийн урлагийн талаарх мэдлэг олгох, улмаар гоцлон хөгжимдөх, хамсран болон хамтран тоглох чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэн гаргахад оршино.  

Анх ерөнхий төгөлдөр хуурын сургалтыг ЗХУ-аас уригдаж ажиллаж байсан мэргэжилтнүүд болох Н.Б.Козина, Л.Павловна, Пучинский, Л.П.Ценд, Угараова болон тэнхимийн ахмад багш Ж.Пүрэвдаваа /СТА/, А.Сосор /БТА/ Д.Долгорсүрэн /СТАнар   явуулж байжээ.

ЗХУ-д мэргэжлийн дээд боловсрол эзэмшсэн төгөлдөр хуурчид 1970 оноос төгсгөн ирж, багшлах мэргэжлийн үндэсний боловсон хүчин оюутан сурагчдад төгөлдөр хуур тоглох арга барил, ур чадвар, дадлыг эзэмшүүлж эхэлсэн байна.  

Одоогийн байдлаар ерөнхий төгөлдөр хуурын тэнхим нийт 11 багшийн бүрэлдэхүүнтэй бөгөөд үндсэн 7, зөвлөх 1, цагийн 3 багштайгаар  дунд боловсролын болон коллеж, бакалаврын мэргэжлийн оюутан сурагчдад ерөнхий төгөлдөр хуурын хичээлийг зааж байна

Тус тэнхимд МУГЗ – 1, зөвлөх багш – 1,  үндсэн багш – 10 ажиллаж байна.

Тус тэнхмийн төгсөгчдөөс хөгжмийн зохиолч – 5, хөгжим судлаач, онолын багш – 10 төрөн гарсан байна.

Сургалтын хөтөлбөр стандарт шинэ үе шатанд гарснаар хичээлийн жилийн эхний улиралд техникийн дадлыг хөгжүүлэх, тоглох ур чадварыг сайжруулах зорилгоор хөгжим, бүжиг, циркийн ангийн сурагчдын дунд тэнхимийн нэрэмжит “К.Черни-Этюдыг хэн сайн тоглох вэ”, “Бүжгийн аязыг хэн сайн тоглох вэ” зэрэг уралдаануудыг уламжлал болгон зохион байгуулдаг болсон.

Тэнхимийн оюутан сурагчдыг бэлтгэн 2015 оноос гадаадын болон дотоодын уралдаан тэмцээнүүдэд оролцуулж эхэлсэн.

Б.Сметаны нэрэмжит Олон Улсын Өсвөрийн Төгөлдөр Хуурчдын Уралдаан (2015, 2018), Испани улсад зохиогдсон Олон Улсын Хөгжимчдийн VII фестивал (2016), БНСУ-д зохиогдсон Олон Улсын Өсвөрийн Хөгжимчдийн Мено мюзик анхдугаар уралдаан (2017), AНУ-ын New-York хотноо зохиогддаг “Crescendo” OУ-ын Өсвөрийн төгөлдөр хуурчдын Уралдаан (2019) амжилттай оролцоод байна.