Мэдээ мэдээлэл

Монгол дахь Гёте-Институт болон Монгол улсын Консерватори 2022 оны 09-р сарын 16-ны өдөр хөгжим болон герман хэлний чиглэлээр хамтран ажиллах гэрээ шинээр байгууллаа.

Монгол дахь Гёте-Институт болон Монгол улсын Консерватори 2022 оны 09-р сарын 16-ны өдөр хөгжим болон герман хэлний чиглэлээр хамтран ажиллах гэрээ шинээр байгууллаа. Тус гэрээгээр Гёте-Институтээс Консерваторийн багш, оюутнуудад санал болгож буй герман хэлний сургалт болон ирэх сараас Берлиний Филармонийн цахим тоглолтыг олон нийтэд толилуулах зэргийг тусгасан.

Мөн түүнчлэн энэхүү хамтын ажиллагааны гэрээгээр Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхим (GMUB)-ийн бүтцийг шинэчлэн зохицуулах юм. GMUB-ийг Монгол дахь Гёте-Институтийн санаачилгаар 2014 онд Монгол улсад жазз хөгжмийг дэлгэрүүлэх, жазз хөгжмийн бакалаврын зэрэг олгох сургалтыг Консерваторид хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан. Энэхүү бакалаврын сургалт 2016/17 оны хичээлийн жилд Консерваторид хэрэгжиж эхэлснээс хойш дээрх хоёр хөтөлбөр нь зэрэгцэн хэрэгжиж байна. Жазз хөгжмийн бакалаврын сургалтын анхны оюутнууд сургалтаа дүүргэсэн тул GMUB-ийн үүрэг өөрчлөгдөж байна.
2022 оны 9-р сараас эхлэн GMUB нь жазз хөгжмийн нэг жилийн сургалт явуулахаа больж, харин анхлан болон гүнзгий шатны суралцагч, мэргэжлийн хөгжимчдөд зориулсан сургалт, тоглолтыг уян хатан нөхцөлөөр зохион байгуулна. Ийнхүү өөр хоорондоо харилцан хамаарал бүхий тус хоёр хөтөлбөр нь монголын жааз хөгжмийн боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулах болно. Энэ зорилгоор 9-р сард GMUB бие даасан төрийн бус байгууллага хэлбэрт шилжсэн. ТББ үүсгэн байгуулагдсан явдал нь Консерватори дахь жазз хөгжмийн бакалаврын сургалтад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй бөгөөд сургалтын үйл ажиллагаагаа урьдын адил хэвийн үргэлжлэх болно.
Монгол Улсын Консерваторийн захиргаа
2022-09-16
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.