Эрдэм шинжилгээ

Монгол Улсын Консерваторийн эрдэм шинжилгээ инновацийн алба, дорнын профессорын баг санаачлан салбар дундын тулгамдсан асуудлын хүрээнд “Орчин цагийн хөгжмийн нэр томьёог цэгцлэх асуудалд” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Консерваторийн эрдэм шинжилгээ инновацийн алба, дорнын профессорын баг санаачлан салбар дундын тулгамдсан асуудлын хүрээнд “Орчин цагийн хөгжмийн нэр томьёог цэгцлэх асуудалд” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж тус Консерваторийн захирал Доктор /PhD/, дэд профессор Ц.Шаравцэрэн үг хэлэв.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга академич, ардын багш Доктор /ScD/, профессор Л.Дашням орчин цагийн монгол хэлний асуудалд тулгарч буй маргаантай орчуулагдсан нэр томьёог тайлбар сэлтийн хамт танилцуулан, цаашид хэрхэх талаар судлаач эрдэмтдэд санал зөвлөлгөө өглөө.
Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга /PhD/ Н.Нарангэрэл оролцож монгол хэлний хууль, дүрэм журмын талаар танилцууллаа.
Хэлэлцүүлэгт Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор /PhD/, дэд профессор О.Шинэбаяр оролцон хөгжмийн нэр томьёоны утгын оноолт, ерөнхий ба тусгайн харьцаа, хэлний таксономийн үүднээс хэрхэн яаж ангилах, зарим хэвшсэн нэр томьёог өөрчлөхөд үүсэх үр дагавар, нэр томьёоны зөв оноолтын талаар тайлбар жишээний хамт танилцуулж эрдэмтдэд санал зөвлөлгөө өглөө.
МУБИС-н Монгол судлалын хүрээлэнгийн захирал Доктор /PhD/, дэд профессор Д.Ганболд оролцож Монголд эртнээс уламжлан ирсэн зохиол бүтээл Данжуурын дуун ухааны аймаг, Юан улсын судар, Мэргэд гарахын орон зэрэг нэрт даяг зохиол бүтээлд монгол хөгжмийн зэмсгийн нэршил, нэр томьёо хэрхэн туссан талаар тайлбарлан танилцууллаа.
МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн багш Доктор /PhD/, дэд профессор М.Ууганбаяр оролцож монгол хөгжмийн зэмсгийн нэршил, утгын зөв оноолт, уламжлалт мэдлэгтэй уялдсан эсэх, Түрэг, Казак, Тува, Англи, Орос зэрэг олон хэлэнд хэрхэн нэрлэгдэж буй нэр томьёоны утгын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.
МУК-ийн багш, Доктор /ScD/, профессор Л.Эрдэнэчимэг Орчин цагийн хөгжмийн нэр томьёонд хэрэглэгдэж байгаа өрнийн хөгжмийн нэр томьёог орос хэлнээс орчуулсан хэдий ч нэг үгийг хэд хэдэн янзын өөр нэршлээр нэрлэх болсон талаар 50 гаруй үгийн жишээн дээр тайлбарлав.
МУК-ийн уртын дууны багш, докторант Б.Батмэнд уртын дуунд орж ирсэн утгын оноолт төвөгтэй болсон шинэ нэр томьёоны талаар тайлбарлав.
МУК-ийн Уртын дууны багш, докторант Ц.Насанбат уртын дууны ангиллыг хэд хэдэн өөр янзаар авч үзэх болсон нь нэр томьёоны хувьд утгын зөрүүтэй болсон талаар эрдэмтэдийн гаргасан саналыг харьцуулан тайлбарлав.
СУИС-ийн хөгжмийн онолын багш магистр Г.Ганцэцэг, МУИС-ийн багш Доктор /PhD/, дэд профессор Л.Хэрлэн, МУК-ийн хөгжмийн онолын багш Доктор /PhD/, профессор М.Озила, СУИС-ийн багш Доктор /ScD/, профессор МУХөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Жанцанноров нар оролцов.
Хурал амжилттай болж, цаашдын хийх ажлын төлөвлөгөөг гаргасан шийдвэртэй өндөрлөв.
2024-03-03
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.